Urban үгүүллэгүүд. Татар С.Майдар

2010-09-21

МИНИЙ S. L. E. L. I. L. E. L. A. S. R. P. M

Ангилал: үгүүллэг
      Гэрэлтүүлэгч бээр 'Studia linguae et litterrum Instituti Linguae et liteterarum Academiae Scientiarum Reipublicae Populi Mongolici' номоо хойш тавиад духаа атируулан хэсэг бодолхийлснээ оройн жүжгийн ажлын дэвтэрээ авав. Уг нь тэрбээр "S. L. E. L. I. L. E. L. A. S. R. P. M" номын IX ботиос Ц.Хасбаатарын "Монгольский роман" үгүүллийн "Роман- это жанр зрелых литератур" гэдэг үгүүлбэр дээр ирээд байсан билээ.
     Жүжгийн ажлын дэвтэрээ авав. Орой гарах жүжиг. Уг нь энэ жүжгийг сард нэг удаа тоглодог юм л даа. Үзэгчдийн тоо ямар ч байсан 33-аас буухгүй шүү.
     Дэвтэрээ нээлээ...
     ... Нэгдүгээр үзэгдэл. Хөх гэрэл 60 хувь, улаан 95 хувь. Шарыг өгнө. Жүжигчин буцахад гэрэл бүдэгрүүл. Улаан 40 хувь. Хайртай хоёрыг гарч ирэхэд хөгжим намуун. Гэрэл ихсэх тусам децибилл 10,5 хувьтай. Естой жинхэнэ дефекдурны ажил шүү.
     Уйлах үед нь гэрэл бүдэгрэнэ. Хөх гэрэл 40 хувь, тайзны гүнд ногоон өгнө...
     ..Хөшиг хаагдахад шар прожектор асаа.


     Жүжигчин бүсгүй гарч ирэв.
     -Би чамайг удаан хүлээлээ.
     -Уучлаарай аав л...
     -Ойлгож байнаа.
     -Чи минь.
     -Хонгор минь... Хөх гэрлээ өглөө. Мөн улааныг өгье.
     -За би оръё доо. Чи минь явдаа.
     -Чи минь ордоо. Аав чинь мэдвэл...
     -Тиймээ. Тэгвэл тэр чамайг ална шүү. Ингээд жүжигчин бүсгүй буцав. Гэрэлтүүлэгч бээр гэрлээ бүдэгрүүллээ.
     -Жүжигчин хархүү тайзан дээр үлдэв. Үзэгчдэд хандан ганцаараа ярина. Жүжигчин дээр гэрэл өг. Хөгжим намуун.
     -Миний сүйт бүсгүйн эцэг нь баян хүн, харин би ядуу. Тэгээд л надад охиноо өгөхгүй гэдэг юм. Харин хайр сэтгэлийг хөгшин баян ялахгүй гэх ухааны бла бла бла юм ярина.
     Харин энэ жүжигчин нөхөр өөрөө "Ланд"-тай. Үнэтэй тамхи татаж үнэт эдлэлээр гоёх дуртай. Өөрөөс нь өөр том жүжигчин байхгүй юм шиг... Өө ногоон гэрэл 30 хувь,
     Хэрэв ядуу хүнд дурлавал, дурлавал ч гэж дээ энэ жүжигчин хүүхэн ядуу эртэй суух болов уу? Яг сууна л даа. Эднийг тоглож байхад, хайр дурлал болон тоглож байхад намайг гэрэлтүүлж байдгийг мэддэг болов уу. Дайрчих шахаад явдаг улсууд юу хийдгийг минь хүртэл мэдэхгүй л дээ. Децибилл 20. Дэндүү сул байна. Мэддэггүй.
     Охины эцэг баян хөгшин тайзан дээр гарч ирлээ. Баян ч гэж дээ. Муу Намсрай ах 40 жил жүжигчин нэр зүүгээд СТА-наас дээш гарсангүй. Харин Нааяа ах намайг танина. Танихаар барахуу нөгөө ариун умдаан руугаа гүйгээд марш гэж хамаандалдаг өвгөн.
     Намсрай ах дээр хөх гэрэл, хүйтэн гэрэл 80 хувь. Хэрцгий өнгө. Би мэддэг бол дулаахан улбар шар гэрэл өгөх байсийм. Уг нь энэ үзэгдэл дээр дан улаан гэрлийн хажуугаар 40 хувь цэнхэр гэрэл өгвөл ногоон туяа голдоо сүлээд жинхэнэ ...
     Намсрай ах:
     -Нааш ир чи. /Охин нь хулгасаар гарч ирнэ/
     -Хаа хүрээд ирэв чи! Арай нөгөө муу гуйлгачинтайгаа уулзаагүй биз?
     -Үгүй ээ ааваа. Салхинд гарсан юм. /Амьдрал дээр бол бие засаад ирлээ гэнэ дээ/
     -Дахиад тэр муу гуйлгачин үзэгдвэл би энэ гараараа... Энэ улаан гараараа тэр заяа муутай гуйлгачинг бандийг чинь ална шүү. /Сүртэй/ Охин өвдөг сөхрөн:
     -Үгүй ээ ааваа. /уйлна/ Гэрлээ яах билээ. Аа тийм. Бүдэгрүүлнэ. Бүдгэрүүлсээр харанхуйлна. Гэнэт гэрэл өгнө. Тайзан дээр өглөө болно. Гэнэт тохойгоороо нэг юм унагачихав. "S. L. E. L. I. L. E. L. A. S. R. P. M" маань шив дээ. Ёстой амьдралаас тасархай ном доо.
     Жүжигчин залуу гарч ирнэ. Шувууны шуум тавина. Гол усны шуум. Амьдралын баяр баясгалангийн шуум. Гэнэт хөгжим. Уянгалаг, намуухан. Энэ хэсгийн хөгжмийг намайг өөрөө мэдээд тавиарай гэж найруулагч өөрөө сургуулилт дээр хэлсэн юм. Учир нь мань эр шартчихсан байсан л даа. Ингэхэд би юу тавимаар байсан гээч... "Linkin Park"-ийн "Hybrid theory"-оос "The End"-ийг эсвэл "Smash Mouth"-ын "Shrek"-ийн soundtrack "I'm a Believer"-ийг тавихсан гэж учиргүй их хүссэн ч "Хэнтийн өндөр"-ийг тавьсан юм л даа. Одоо ч хэвээрээ.
     Бүх гэрлийн холимог. Ком, багц, баглаа боодол, гэрлийн боодол ч гэлтэй биш дээ.
Жүжигчин залуу үзэгчдэд хандан, мэдээж ганцаараа ярина. Монолог.
     -Миний хайр энэ шувууны жиргээ шиг, голын усны урсгал шиг, амьдралын минь баяр баясгалан, түүнгүйгээр би амьд яваад яах билээ... /Үнэн сүрээ/ Ийм байдаг бол энэ ертөнцийн тал нь хайртайгаа учраад л амиа хорлох юм байна л даа. Бас шувууны жиргээ шиг хайр байхаараа ч яах вэ дээ. Би дурласан хүүхэн дээрээ очоод шувуу шиг жиргээд цорвол яах бол. Мэдээж би болжмор шиг жиргэж чадахгүй хэрээ шиг гуугалвал амар биз дээ.
     Жүжигчин залуу хоёр гараа алдлан дэгэж дэрвэсээр  хөшигний араар ороход гэрэл харанхуйлна. "S. L. E. L. I. L. E. L. A. S. R. P. M" шивдээ. Ёстой тасархай ном доо.
    Гуравдугаар үзэгдэл. Хөгшин баян буу барьчихсан араас нь охин нь чаргуулдан гарч ирнэ. Хүлээсэн мөч. Жүжгийн тайлал. Бас миний тайлал үзэгчдээ. Хөгжим түгшүүртэй. Улаан 40 хувь, хөх, ягааны холимог.
     Жүжигчин залуу цээж түхийн "Би хайртай" гэж хашигрангуут буу ТАС хийв. Хөөе юу вэ би бууныхаа дууг тавиагүй ш дээ. Өө нээрээ жинхэнэ сумтай байгаа. Нааяа ахад хэлэхээ мартаж орхиж. Гэхдээ хэлэх хэрэг байна уу.
     Хөшгөө хааяа. Юутай ч гэсэн. Хөшиг хаагдахад би хөшөө шиг зогсоод ямар нэг юм тас атгажээ. Ном байна. S". L. E. L. I. L. E. L. A. S. R. P. M". Ёстой тасархай.
     Өө мартах нь. Тайзны гүнд ногоон. Үгүй ээ хөшиг хаасан ш дээ. Тэгвэл шар гэрэл асаана. Асахгүй байна. Тэгвэл яадгийн хөх, үгүй ээ улааныг...

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 235 удаа

Сэтгэгдлүүд

2010-10-18 -

Бичсэн: StarLight
Баярлалаа. баярлах
. Шууд холбоос

2010-10-18 -

Бичсэн: LetMaidar
S. L. E. L. I. L. E. L. A. S. R. P. M
БНМАУ-ын ШУА-ийн ХЭЛ УРАН ЗОХИОЛЫН ИНСТИТУТ гэсэн үг байгаа юм.
. Шууд холбоос

2010-10-18 -

Бичсэн: StarLight
Мундаг бичжээ. Харин нэрийг нь орчуулж ойлгох гээд чадсангүй. Гүүгл дээр тавиад хайсан ч таны бичлэгээс өөр үр дүн гарсангүй.
. Шууд холбоос

2010-09-21 -

Бичсэн: upshot_gp
над шиг ухаан муутай хүмүүс энэ өгүүлэгийг уншаад ойлгоход их төвөгтэй юм шиг байна.. барьцгүй ч юмуу?
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Би 1994 оноос эхлэн үгүүллэг бичихээр зориглон оролдож өдийг хүрсэн ч хэвлүүлж нийтлүүлэх, ном болгох талаар өчүүхэн ч анхаарсангүй, залхуурч явсаар өнөөг хүрчээ. Энэ нь нэг талаас санхүүгийн бэрхшээл элдэв таних ивээн тэтгэгч байхгүй байснаас болсон гэж өөрийгөө цагаатгаж болох ч зөвхөн өөрийн арчаагүйгээс болсон гэвэл бараг үнэн болох биз ээ. Харин энэ удаа өөрийн бичвэрүүдийг уншигч тантай хуваалцахаар шийдлээ. Та бүхэн өөрийн зөвлөгөө, шүүмжийг харамгүй өгөх байх хэмээн найдаж байна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Зоригт ван
. Н.Дэмбэрэл
. Ууганаа
. MAR2
. Чойрын Хүү
. bon_bon
. StarLight
. eternalzul22
. Turbold
. Gishuut
. Бахархал
. Обдоо
. Манхүү
. Garin
. Цагаан хараацай
. legion
. Orgil

Тоолуур

Миний блогийн 74724 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 33 » Нийт: 39
Өмнөх | Дараагийн