Urban үгүүллэгүүд. Татар С.Майдар

2010-10-19

Aeterna historia буюу хагацлын түүх

Ангилал: үгүүллэг
     Төгсөө орцныхоо хажуугийн том урт вандан сандалд тухлан суулаа. Хаврын амьсгал нэгэнт орсон сайхан өдөр, тэр нэгэн жилийн Заяатай өнгөрөөсөн өдөр шиг гэхдээ хэн нэгэн үгүйлэгдсэн өдөр байлаа.
     Хүүхнүүдийн хөл шагайнаасаа эхлэн өвдөгөө өнгөртөл нүцгэрэх ба тэр гоолиг шулуухан хөлнүүдийг харан суух нь түүнд их таатай байсан хэрэг. Гэвч энэ олон гуа сайхан хөл Заяагийн хонгорхон цэмцгэр хөл хасыг бодогдуулан зүрхэн дундуур нь туучих мэтээ.

     Миний хажууд манай орцны хоёр авгай юм ярин сууна. Орцныхоо айлуудыг нэгийг нь үлдээлгүй хурцаар шүүмжилж, хэнийх хэдэн төгрөг олдог, хэн юу өмсөж бас юу хийдэг ямар зантайг нь ил тодоор ярилцана. Гэвч энэ хоёрын ярианы өнгөөр бол жир нэгээр биш атаархан, хорсон, зовсон нэгийг нь тавлахыг илт мэдэрч суулаа. Ёстой oneguissimam Satanea maleficam нар юмдаа.

     Хоёр авгай Төгсөөгийн давхарын айлууд руу орж явлаа. Ам халан бурж байсан хоёрын нэг нь нөгөөхөө гэнэт нудран босож явахад гайхсан Төгсөө солиотой банди гэж өөрийг нь хэлснийг ухааран
     -Түй муусайн шуламнууд гэж хараав.
     Орчлонгийн ороолон шуламнуудад уур хүрч, хүмүүсийн дунд үзэн ядалт, хар санаа, атаа жөтөөнөөс өөр юу ч байхгүй гэж гүнээ итгэсэн Төгсөөгийн сэтгэлд шуламнууд өнгөрсөн цагт үйлдсэн нүглийг нь сэрээж орхив. Энэ ч ёстой чөтгөрийн явууллага шиг юм боллоо.

     Хөөрхий Заяа. Өөрийнхөө үзэсгэлэн гоо, өгөөмөр сэтгэлийг үл мэдэгч, хайрын балыг ч амсаж үзээгүй охин тэнгэр заяа. Үнэхээр амраг ханийн тавилангаа хүлээсэн нойрсон буй гүнж мэт байж билээ.
     Түүний аз дутахад дэмий нойрноос нь сэрээсэн би буг чөтгөрт толгойгоо мэдүүлж нандин бүхнийг нь дэвслэн хаясан. Үүнийгээ би үхэн үхтлээ уучилж чадна гэж үү? Тэгэхээр тэр тухай бодох хэрэгтэй. Цаг нь.

     -Би хөөрхөн үү? Төгсөө чи хэлэл дээ.
     -Үнэхээр хөөрхөн, бас сайхан.
     -Хөөрхөн сайхан хоёр чинь өөр гэж үү?
     -Өөр өөр ойлголт.
     -Тэгээд хэлээч. Би юу ч ойлгосонгүй. Хачин юм яриад л.
     Төгсөө түүний эрвэлзсэн гэнэн алаг нүд, гуалиг сайхан бие цогцос, шүмбэн улаан уруулыг бишрэн харлаа.
     Үгүй ээ. Гараар барьшгүй дагина мөн дөө.

     -Төгсөө, чи Заяаг оролддог гэл үү?
     -Би хайртай байвал яахийн?
     -Найзын хувьд хэлэхэд түүнийг чинь жаахан хормойд нь салхи орсон хүүхэн л гээд байна даа. Чи намайг бас нэг удаа оролдож үзсэнийг мэднэ ш дээ. Үүнийг дуулаад больчихсон юм. Тэгээгүй бол ч..
     -Тэр худлаа. Чи худлаа ярьж байна.

     Mon cher, le fer est chaud, battez-le гэж Төгсөө шивнээд
     -Заяа би нэг сонслоо.
     -Юу тэр вэ? Миний нүдэн дээр үнс л дээ.
     -Чи онгон байсан уу?
     -Төгсөө!
     -Чи үнэнээ л хэл. Юм эртхэн дээрээ л...
     -Чи ийм байсан гэж үү? Миний ханхүү, чи минь ингэж асууна гэж үү?
     Төгсөө дуугарч чадсангүй. Тэр Заяаг үнэн сэтгэлээсээ гомдож, нулимсаа ил гаргаагүй ч дотроо цурхиран байгааг нь гутрал гомдол дүүрэн харах нүд, гомдсондоо муруйсан жимсэн уруул, ихэмсэгээр сарталзах хамрынх нь самсаа, нулимсан дуслаа даалгүй унагах сормуусаар нь мэдэрлээ.
     Тэрээр Заяаг гүйн гарахад нь дэмий л орон дээр лаг хийн суув. Ам алдвал барьж болдоггүй. Үгийн шарх эдгэрдэггүй гэж. Одоо яана гэхэв.

     Би хүүхэд байхын "Нойрсон буй гүнж" хэмээх үлгэрт дуртай байж билээ. Хорон санаат ведьма, хөөрхөн гүнжийг арван таван настай байхад нь илбийн нойрт автуулж, ордныхон хийгээд цэцэг ногоо бүгдийг хөшөөж орхихуй нэгэн сайн санаат шидэт хатагтай сүйт хар хүү, нөхөр болох залуу нь ирж сэрээхээр болгодог энэ үлгэрийг мэдэхгүй хүн ховор буй за.

     Төгсөө өөрөө ханхүү юм шиг, гуа үзэсгэлэнт цэвэр ариун сэтгэлтэйгээ анзаардаггүй, сэргэлэн цовоо Заяа нойрсон буй гүнж шиг санагдах нь олонтой байлаа.
     Гэвч тэрээр үлгэрийн ханхүү, гүнж хоёрыг мэддэг шигээ гүнжийн ордныг чөтгөрийн байшин, шулмын харш хэмээгч хорон хэлт, мулгуу хүмүүсийг мартсныг юу гэх  вэ?
     
     Би тэрхүү ордон хүртэл битүү ширэнгэ, үл нэвтрэх зам харгуйг туулан нойрсон буй гүнж- Заяагийнхаа уруулыг нь озож, балыг нь амталсан боловч зүрх сэтгэл минь зүү шиг шивсэн эргэлзлэл, тээнэглзлэлээ мартаж үл чадан, ханхүүгийн дүр үзүүлэхдээ хүний хувь заяагаар хүмүүсийн дунд, бусдын хүслээр тоглон өнгөрөөжээ.
     Тансаг хайраа эмэгнэлтэйгээр төгсгөх гэж дурласан юм уу би.

     -Хагацъя даа Заяа! Хүмүүс сайн байна уу гэж захиагаа эхэлдэг. Харин надад чамаасаа сайн байна уу? гэж асуух эрх байгаа гэж үү? Чинийхээ итгэл, сэтгэл, хүсэл мөрөөдлийг эвдэн бусниулсан би энэ тухай бодож байх чадал тэнхээгүй болжээ. Бодож сэтгэхгүй байна гэж юу гэсэн үг болохыг чи ойлгож байгаа биз ээ. Одоо би чамтайгаа, энэ хаврын тэр жилийнх шиг сайхан өдөртэй, энд чамтайгаа хамт сууж байсан банзан сандалтай эцсийн удаа салах ёс гүйцэтгэнэм. Бас элдвийг ярилцах дуртай энэ хоёр авгайтай ч салах ёс гүйцэтгье.
     Sincerely Төгсөө  /tibi et igni/

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 212 удаа

Сэтгэгдлүүд

2010-10-22 -

Бичсэн: LetMaidar
ккк-д энэ зүгээр л миний үгүүллэг
. Шууд холбоос

2010-10-21 -

Бичсэн: LetMaidar
кккк-д энэ зүгээр л миний үгүүллэг
. Шууд холбоос

2010-10-19 -

Бичсэн: Чойрын Хүү
Зочинд: Майдар ах бид 1 блог хамт бичдийн. Зохиолч биш ээ. Зүгээр л байдаг л нэг үгийн уран, утгын зохицолд дурлагч, үсэг цуглуулж, үг эвлүүлж, өгүүлэмж гаргахыг хичээгч гэх үү дээ. Хэхэхэ өөрийгөө аймаар өргөчихлөө улайх
. Шууд холбоос

2010-10-19 -

Бичсэн: choiriin huud (зочин)
ta yu hiideg hun be?adminii sn nz uu?zohiol bichdeg hun shig sanagdaad bnaaaa
. Шууд холбоос

2010-10-19 -

Бичсэн: kkkkkk
ene tand tohioldson yawdal uu?

. Шууд холбоос

2010-10-19 -

Бичсэн: Чойрын Хүү
Хагацъя даа.........
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Би 1994 оноос эхлэн үгүүллэг бичихээр зориглон оролдож өдийг хүрсэн ч хэвлүүлж нийтлүүлэх, ном болгох талаар өчүүхэн ч анхаарсангүй, залхуурч явсаар өнөөг хүрчээ. Энэ нь нэг талаас санхүүгийн бэрхшээл элдэв таних ивээн тэтгэгч байхгүй байснаас болсон гэж өөрийгөө цагаатгаж болох ч зөвхөн өөрийн арчаагүйгээс болсон гэвэл бараг үнэн болох биз ээ. Харин энэ удаа өөрийн бичвэрүүдийг уншигч тантай хуваалцахаар шийдлээ. Та бүхэн өөрийн зөвлөгөө, шүүмжийг харамгүй өгөх байх хэмээн найдаж байна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Зоригт ван
. Н.Дэмбэрэл
. Ууганаа
. MAR2
. Чойрын Хүү
. bon_bon
. StarLight
. eternalzul22
. Turbold
. Gishuut
. Бахархал
. Обдоо
. Манхүү
. Garin
. Цагаан хараацай
. legion
. Orgil

Тоолуур

Миний блогийн 75406 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 25 » Нийт: 39
Өмнөх | Дараагийн