2010-09-17
Автобусны цонхоор ертөнц харагдана4
ҮРГЭЛЖЛЭЛ... -Хөөш чи дүлий, сохор юм уу? Настай хүнд суудал тавиач! Би кондукторт чамтай чамгүй мэдэж л байна гэж нүдээрээ хэлээд албатай юм шиг намайг ихэмсгээр ширтэн хүлээх өвгөнийг хараад -Чи миний үзэж өнгөрүүлснийг үзэж өнгөрүүлсэн үү? гэж асуумаар санагдсан ч -Та суу суу гэж аминдаа л ёжтой өнгөрөөр хэлээд автобусныхаа цонхоор харан зогслоо. Тэгэхдээ миний араас төөнөх эх хүний өрөвч, хайрласан, зэмлэсэн харцыг мэдэрч яс хавталзан явлаа. Хүү минь чи ямар арчаагүй харагдана вэ? Чи эхнэр аваач гэх, цамцаа угаалгах хүнгүй юу гэх. Миний ганцаардмал утгагүй амьдралыг мэдрэх тэр харцыг тэсвэрлэхгүй нээ. Яагаад би ээжээ баярлуулж чаддаггүй юм бэ? Ээж минь намайг юу хийж бүтээнэ гэж хорвоод төрүүлсэн юм бол доо. Би сургуульд явахдаа сурах, цэрэгт бас л тодорхой хэмжээгээр юм сурах, хатуужих гэх мэт зорилготой байсансан. Одоо, одоо... Болъё, энэ тухай бодож шаналж ханалаа. Одоо болно. Ашгүй өнөө ЭХ хүн буулаа. Өө энэ чинь Таван шарын буудал уу? Буцахгүй бол болохгүй нь. Хотоос гарах нь. Миний аж төрдөг ертөнцийн хязгаарт ирчихэж. Үүнээс цааш газаргүй, тэнгэргүй, хүнгүй, хотгүй, ертөнцийн минь нөгөө мухар Таван шарын буудал. "Алив бүсгүй минь намайг хайрлаач гэхдээ өрөвдөөч биш юм дурлаач гэсэн шиг утгатай миний нэгэн "гайхамшигт" шүлгийн санаа" Эцэг автобуснаас буугаад замын эсрэг талын буудал зүглэв. Буцах унаагаа хүлээнэ. Тэрээр ТҮЦ рүү очвол гадаад дотоодын гялгар ууттай идэх уух юм зарсан аятайхан бүсгүй сууж байлаа. -Ширхэгийн тамхи байна уу? -Байхгүй. Түүний дууны эгдүүцсэн өнгөнд, зэвүүцэн харах бүхий л төрхөнд тамхи ширхэглэдэг жижиг гар биш гэсэн санаа ил. Муу ямбий ТҮЦ-энд сууж байж мөн онгирвоо. Гэхдээ би түүнийг гутаан доромжилсон аж. Түүнд 5 доллар сарвайн цагаан боро нэгийг өгчих гэвэл бүсгүйн харц зөөлөрч хариултаа их л эелдэг атгууллаа. Ард минь автобусны хаалга хаагдав. Би кино үзэхээр автобусанд орлоо. Үнэ 30 төгрөг. Миний сэтгэл Дэмбээ гуайд өшиглүүлж, шидүүлж эсвэл түүний түрийгээ тас татуулс ан шинэхэн гутал шиг болжээ. Би тэр үед жаахан хүүхэд, гурав дугаар ангийн онц сурлагатан сурагч байлаа. -Дэмбээ гуай та яагаад заавал өөр болгосон хос гутал өмсч, эсвэл нэг хөлдөө бажиинк, нөгөө хөлдөө түрийгүй хороомон гутал, эсгий гутал өмсөөд чулуу ийш тийш нь шидэж, өшиглөж байрнаас нь хөдөлгөж явдаг юм бэ? /Миний хүнд тавьж үзсэн хамгийн урт бас хурдан хэлсэн асуулт/ -Хүү минь дээ. Бүх хүмүүс адилхан хос гутал өмсдөг. Харин би л хоёр өөр гутал өмсөнө. Бусад хүн тэгэж чадахгүй. Би чадна. Би тэднээс өөр. Чулуу нэг байрандаа сар, жил, зуун мянга бүр сая жилээр ч гундаж хэвтсээр уйдна, шанална, ганцаардана. Тэгвэл би түүнийг өөр газар нүүлгэнэ. Өөрөөр хэлбэл тэднийг өөр газар шидэн аваачиж өөр газар нутаг, өөр чулуу, өөр өвстэй танилцуулж байгаа юм. Тэд уйтгарлахгүй. Тэгээд л тэр дээ хонгор гэнэн үр минь. -Дэмбээ гуай сая жил гэж их удаан уу? -Удаан биш ээ, хүү минь. Чиний бодлоос ч хурдан. /Миний амьдралдаа сонссон хамгийн ойлгомжтой, тодорхой хариулт байлаа/ -Ээжээ Дэмбээ гуай яагаад иймийг, ийм болсныг мэдэх үү? -Мэднээ хүү минь. Бага залуудаа номтой лам байгаад номоо тонгоргож уншаад ийм болчихсон гэнэлээ. -Тэгэлгүй яахав ээжээ. Бүх хүн номыг эхнээс нь уншдаг. Дэмбээ гуай л ганцхан хойноос нь уншсан. -Ээжээ би том болоод Дэмбээ гуай шиг хүмүүсээс өөр хүн болноо. Тэгэх үү ээжээ? -Нүгэл гэм. Хүү минь тэгэж болдоггүй юм. ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
|
.
Сэтгэгдэл бичих! .
Найздаа илгээх! . Уншсан: 194 удаа
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|