2010-09-14
Автобусны цонхоор ертөнц харагдана 1
Говийн нар шиг хайр найргүй хурц нар сүрэг хүмүүсийг нэгэн давчуу хашаанд бөөгнүүлээд шарж байна уу гэлтэй төөнөсөн нэгэн ням гарагийн үд дунд болж байлаа. Энэ хотынхны тэн хагас нь юм зарж үлдсэн хэсэг нь худалдаж авдаг юм уу гэмээр... ЭЦЭГ бөөн хүмүүсийн дунд шахацалдан, түлхэлцэж, хараалгахдаа хараалгаж, өөрөө ч бусдаас дутахгүй хараал тависаар урагш зүтгэнэ. Түүний хөлс шанаан дээгүүр нь зам татан урсаж угаагаагүй цамцных нь захыг норгосоор нэгэн хар хүрээ татсан мэт болгожээ. Тоос боссон гудамны үзүүрт хөлсөө арчин суух зуур тамхи асаан сорох түүний уруул үл мэдэгдэх татвагнах нь инээх мэт. Мэт ч гэж тэр үнэхээр инээжээ. Хоолойд нь юм торж, гараа зүхэх мэт зангидаад гашуун инээжээ. Түүний сэтгэл зүрхэнд боссон хүсэл мөрөөдөл-амьдралын хот ганцхан удаагийн газар хөдлөлтөөр нуран балгас боллоо. Түүний хүүхэд болон залуу насны найз нөхөд огт танихгүй хүмүүс шиг тэдний гал цоггүй нүд, ганцхан оч л шар металл шиг гялалзах нүд үзтэл амьдралыг юугаар үнлдэг нь мэдрэгдэх тул тэд түүний хувьд талиигаач нар, өөрөө ч тэдэнд үчсэн хүн, амьд үхдэл. Залуу насны найз нөхөд гэнээ. Аргагүй тэдний нас 24-25. Эцэг өөрөө ч энэ өдөр яг 24 нас хүрч буйч бодол, үзэл санаа, санаа нь өтөлж, бээж, хөгширч, үхжирч орхиж. Эцэг эргэн тойрноо харснаа хотын төвийг чиглэн гэлдэрлээ. DOWNTOWN. * * *
-Батаа, хэд хоног үлдэж вэ? Тоолооч. -45 хоног байна. -Яамайдаа. Ард болоход 45 хоног үлдлээ. -За тэрч яахав. Ганц нохой барьж ирье. -Тэгье. Уурын зууханд жижүүрт гардаг гурван цэрэг хоорондоо ийн ярилцана. Дорж өөр ангиас эдний ангид шилжиж ирээд удаагүй, энэ гуравтай анх удаа жижүүрт гарч буй нь энэ. Дорж тэдний араас гарахдаа: -Хөөе, Батаа нохойгоор яах нь вэ? -Нэг шөнийг даадаг юм аа. -Юу гэнээ? -За за яахыг нь хараад байж л байхгүй юу хэмээн Батаа гэж дуудуулагч уцаарлав. Уурын зуух цэргийн казарм, канцлер, офицер, ахлагч нарын орон сууц гэсэн тоотой хэдэн байшинг под хийтэл нь халаадаг, слесарь, галч, машинист байсан цэргүүд авч ажиллуулна. Төмөр утасны гогцооноос хэрчигнэн захдах нохой нь гал тогоо хавьд эргэлдэж байдаг золбин саарал байв. -Хөөрхий саарлын ээлж иржээ. -Одоо хийчэх үү? -Арай болоогүй. 20 цагийн үед л._ -Одоо хийе. Орой казармагт шинэ цэргүүд ирнэ. Хэдэн төгрөг сэтгэе. Тэгэхгүй бол манайхан хоослоод хаячихна. Зундуйн саналыг Дорж дотроо зөвшөөрөвч нохойг яах гээд байгааг нь ойлгохгүй байлаа. Үргэлжлэл бий.
|
.
Сэтгэгдэл бичих! .
Найздаа илгээх! . Уншсан: 251 удаа
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|
2010-11-05 -