2010-12-21
Үргэлжилсэн үгийн найраг 2 /шальдар бульдар/
Оршил: Ийм байдаг бол яахав? Үргэлжилсэн үгийн шүлэг гэж...? Би ийм маягийн шүлэг байдаг гэдэгт эргэлзнэм. Гэвч миний үзэг доорхи мөрнүүдийг шүлэг мэт бичсэн билээ.
Борооны тухай...
ААВДАА ОЧИХ ЗАМ
Тэр үед бороо орж байлаа. Би цонхоор ширтэн суусансан. Тэгтэл эмээ намайг эр хүн байж гиеүрлээ гэж загнав. Харин тэгэхэд тэр бороо ааваасаа хагацсан гунигийг минь угааж байсныг хэн ч мэдсэнгүй. Ааваа та тэнд байгаа хэвээрээ биз? Би удахгүй очноо.
ЗАДГАЙ МӨНГӨ
Бид бүгдээрээ шүхэр барьжээ. Аргагүй ээ бороо орж байсан юм чинь. Харин нэг шүхэргүй бяцхан охин л урдах цаасан хайрцагаа толгой дээрээ нөмөрч чадахгүй сууж байлаа. Аргагүйдээ дотор нь задгай мөнгө байсан юм чинь. Би түүнийг хараад л зогсож байлаа. Аргагүйдээ надад задгай мөнгөний үнэтэй ч сэтгэл байсангүй. Бурхан намайг харж л байсан байх. Гэхдээ Тэрбээр бяцхан охин дээр хүйтэн бороо асгасаар л байлаа. Аргагүйдээ би ч гэсэн задгай мөнгөний үнэгүй юм чинь.
ДАЙСНЫ ДУНД
Зөөлөн бороо шивэрсэн цэцэрлэгийн хашаан дотор би дүүжин даажин дээр жаргалтай байв. Аав минь нөгөө өнцөгт даран намайг хөөргөнө. Би ход ход инээсээр... Гэнэт "-Хөөе, архичин минь наад халтар гөлгөө аваад зайл" гэж дайсан орилов. Аав намайг нэг гартаа чирсээр, нөгөөдөө цуглуулсан лааз, шилтэй шуудайгаа барин зугтлаа. Аав бид хоёр дайснуудын дунд орчихжээ.
Дөрвөн улирал
ЗУН
Яагаад ч юм бэ надад бороо орсон өглөө сайхан байдаг Ямар учиртай юм бүү мэд, хамаг нүгэл бүгдийг угаасан юм шиг. Бороо Энэ өглөө л би ариусдаг Зун цагаа гэж...
ХАВАР
Яагаад ч юм бэ надад хаврын хавсрага шуурга таалагддаг Ямар учиртай юм бүү мэд, хамаг хог шаарыг хийсгэн арчих мэт Хаврын хавсрага Энэ өглөө би цэвэршив Хаврын хавсрага гэж...
НАМАР
Яагаад ч юм бэ надад намар цагийн навчис таалагддаг Ямар учиртай юм бүү мэд, хамаг дурсамжийг минь хамж аваад овоолчихсон мэт Унах навчис Энэ өглөө би дурсан дурсан сэрэв Намрын навчис минь...
ӨВӨЛ
Яагаад ч юм бэ надад цас хаяалсан өглөө сайхан байдаг Ямар учиртай юм бүү мэд, хамаг хар болгоныг цав цагаанаар будсан юм шиг Цавцайсан цагаан цас Энэ өглөө би эрүүл агаар амьсгалдаг Цасан бударсан өвлөө гэж...
|
.
Сэтгэгдэл бичих! .
Найздаа илгээх! . Уншсан: 616 удаа
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|
2011-01-01 -