Urban үгүүллэгүүд. Татар С.Майдар

2010-11-08

Миний ээж далайн арал дээр байдаг

Ангилал: үгүүллэг
... нэг гурван цаг
Мөч өнгөрч,
нэг л мэдэхэд
Миний үс
Хонин жилийн өвлийн
Дэрсний үзүүр шиг цайрч
Хоёр нэгээрээ унасаар
Хэл үл өвтгөх буйлаа хавирахад
Хаа нэгтээгээс
Өө!
Хоосон чанарын ертөнцөө гэн
Хоромхон замхрах дуун гарав.

     Энэ Торлогтойн хөндийд өвөө, эмээ хоёр ажин түжин амь зуулгаа залгуулж, үр удмаа амьдралын дөрөөнд гишгүүлж, айл гэр болгон алсын замд үдсээр хөөрхийс даруй нэг жарныг элээсэн гэнэм. Тэр хоёр ийн ярилцах ажгуу:
     -Би чиний урд орвоос азтай. Сэтгэлийг хөрвүүлвээс хэрэв чи үлдэж хоцроод араас минь зул өргөх ахул аргагүй надад хайртай юм гэж сүнс минь баясна гэх юм.
     Алс холоос азай буурлууддаа хүү, бэр нь бус ач би ад, эдийн явдалд шигшигдэн энэ хоёртоо ирж тулгын гурван чулуу шиг явган ширээ тойрон суугаад хавирга мөлжих зуур өвөөгийн үлгэрийг эмээгийн үглэлтэй сонссоор амныхаа тосыг арчих завдалгүй давсандаа явахад минь хоёр хөгшин булаалдан зулай үнэрлэхийг нэгэн эгшин мэдрээд улаан тамхи таатай ханхлах өвөөгийн цээжинд хошуугаа шургуулан айлын жаахан охин Болорт эрвээхий барьж өгөөд уйлууллаа гэж нэгэнтээ зүүдлээд сэржээ.
     Сэрэхэд тэр хоёроос минь үлдсэн зөвхөн ганц зүйл болох хуучирч, шарлангуй өнгө суусан ч миний чадлаараа урласан жаазан дундаас гэрэлтэх өвөө, эмээ хоёр минь. Гараа тэмтчин явуулсаар тамхиа олж, шүдэнз зурлаа. Одоо хүү нь унтая даа.
*     *    *
      Өвөө минь амтархан сонсоно. Миний бага насны үлгэр.
     Нэгэн өвгөн ач хүүтэйгээ морин тэргээр явж байж гэнэ. Тэгээд орой болсон тул тэр хоёр тэнгэр рүү нисэв. Тэнд нэг хөх од байлаа. Тэр хөх одон дээр хөх уулын хөх ойд хөх навчтай хөх мод ургажээ. Бас хөх жимснүүд бөнжийнэ. Өвөө ачдаа хамгийн том хөх жимсийг нь авч өглөө. Гэртээ ирээд хөх жимсээ задалтал хөх үлгэр гарч ирээд зугтаахаар нь та бариад авсан тиймээ өвөө?
     Өвөө нь хөх үлгэрийг ярьж, хүү түүнийг элгэндээ тэврээд өвөөгийнхөө хажууд нойрслоо.
     Бороо ороод л байв. Гэр дотор ч бороо шиврэнэ. Харин энэ бороо хувцас үл норгох агаад дуслууд нь хув хуурай. Хуурай борооноос хувингаар хутгаж аваад толгойгоо дүртэл сэрээд дэр нойтон. Ач хүү босож насанд хүрээд Дорж гэдэг залуу болон өвөө, эмээ хоёрынхоо зургийн өмнөх зулыг сэргээгээд,
     Хотод ирэв. Түүний суусан машин хонх ёнх болсон хожим мэдэхнээ хуучин "Москвич" байсан атал өвөөгийнхөө морин тэрэгнээс өөр дугуйтай юманд сууж үзээгүй түүнд их тансаг байсан. Хот ч их сүрлэг, захгүй их хашаа, барилгууд нь Доржийн хувьд Торлогтойн уулсаас ч өндөр.
     Анх Зайсан толгой дээр завилж суугаад хотыг харахад дүн өвөл дүнсийж байснаас ч тэр үү, сонингийн цаас базаж, тасчиж шидээд дээгүүр нь өвөө нь галзуу улааныхаа утааг үлээж орхисон мэт хачин сонин сааралтаж нүүгэлтэж харагдсан сан.
     Тэр үеэс одоог хүртэл бүх юм нь хачин, хүмүүс нь сонин гурвалжин, дөрвөлжин толгойтой, сахалгүй эмэгтэй хүний, сахалтай эрчүүдийн энэхүү толгойнууд бүгд дасаагүй санагдсаар байгаа нь өөрөө бөв бөөрөнхий толгойтойгоос тэр буюу.
*     *     *
     -Ааваа үлгэр ярьж өг!
     -Миний хүү өвөө дээрээ очоод яриулаарай.
     -Үгүй ээ, одоо, намайг явахаас өмнө. Тэгэх үү?
     -За одоохон. Чи бид хоёр гадаа зогсож байж гэнэ. Тэгтэл нэг үлгэр гүйгээд явж байлаа. Хойноос нь хөөгөөд бариад авсан чинь дотор нь нэг лууван байв. Харин тэр лууванг хэн барьж байсан гээч?
     -Туулай.
     -Яг зөв туулай. Харин тэр зугтаж явлаа. Хэнээс зугтаж явсан гээч?
     -Чононоос.
     -Бас зөв. Чоно ч гэсэн зугтаж явсан. Хэнээс гэдгийг мэдэх үү?
     -Мэдэхгүй ээ.
     -Анчинаас. Анчин буутай байлаа. Буудлаа. Тэгэхээр нь чи бид хоёр сумыг нь ингээд фүү гээд үлээчихсэн чинь сум нь өөр тийшээ нисээд анчин сумныхаа араас гүйчихэв. Харин чоно айсандаа чулуунд бүдрээд уначихсан чинь...
     -Хөөе ааваа, чоно над шиг унахдаа хамраа шалбалчихсан уу?
     -Харин тиймээ. Тэгэхээр нь би чононы хамар дээр шүлсээ түрхээд үлээчихсэн чинь зүв зүгээр болоод баярлалаа гээд яваад өгсөн.
     -Туулай яасан бэ?
     -Гэртээ ороод хаалгаа түгжээд...
     -Ааваа тэгэхэд бид хоёртой ээж цуг байсан уу?
Үгүй ээ. Холоо байсан.
     -Тэр хол чинь хаана байдаг юм бэ?
     -Далайн дундах арал дээр.
     -Тэгээд яагаад ээж ирдэггүй юм бэ?
     -Сэлж чаддаггүй юм аа.
    ... Туулын голд ус үсчүүлэн самардаж байхдаа Дорж энэ үлгэрийг бодов. Ус дулаахан, гүндээ ногоон өнгөөр солонгорон гялалзана. Тэртээ холоос өвөө, эмээ хоёр нь Доржийг дуудахуй хөөрхий хөвүүн гүйсээр очиход эмээ нь сүү хөөрүүлээд дуртай хусмыг нь аяга дүүрэн хийж тавьсан байлаа.

Улаанбаатар хот. 1996  он. С.Майдар

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 596 удаа

Сэтгэгдлүүд

2011-03-06 -

Бичсэн: haliuna
гоё шүү ярзайтал инээх
. Шууд холбоос

2010-12-21 -

Бичсэн: LetMaidar
Нутгаа санаж буй Амра-даа зориулав. bona fortuna, freind of mine! тэврэлт
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Би 1994 оноос эхлэн үгүүллэг бичихээр зориглон оролдож өдийг хүрсэн ч хэвлүүлж нийтлүүлэх, ном болгох талаар өчүүхэн ч анхаарсангүй, залхуурч явсаар өнөөг хүрчээ. Энэ нь нэг талаас санхүүгийн бэрхшээл элдэв таних ивээн тэтгэгч байхгүй байснаас болсон гэж өөрийгөө цагаатгаж болох ч зөвхөн өөрийн арчаагүйгээс болсон гэвэл бараг үнэн болох биз ээ. Харин энэ удаа өөрийн бичвэрүүдийг уншигч тантай хуваалцахаар шийдлээ. Та бүхэн өөрийн зөвлөгөө, шүүмжийг харамгүй өгөх байх хэмээн найдаж байна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Зоригт ван
. Н.Дэмбэрэл
. Ууганаа
. MAR2
. Чойрын Хүү
. bon_bon
. StarLight
. eternalzul22
. Turbold
. Gishuut
. Бахархал
. Обдоо
. Манхүү
. Garin
. Цагаан хараацай
. legion
. Orgil

Тоолуур

Миний блогийн 73484 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 15 » Нийт: 39
Өмнөх | Дараагийн