Urban үгүүллэгүүд. Татар С.Майдар

2010-11-08

Ab inito, Автобусны цонхоор ертөнц харагдана

Ангилал: үгүүллэг
  Говийн нар шиг хайр найргүй хурц нар сүрэг хүмүүсийг нэгэн давчуу хашаанд бөөгнүүлээд шарж байна уу гэлтэй төөнөсөн нэгэн ням гарагийн үд дунд болж байлаа. Энэ хотынхны тэн хагас нь юм зарж үлдсэн хэсэг нь худалдаж авдаг юм уу гэмээр...
     ЭЦЭГ бөөн хүмүүсийн дунд шахацалдан, түлхэлцэж, хараалгахдаа хараалгаж, өөрөө ч бусдаас дутахгүй хараал тависаар урагш зүтгэнэ. Түүний хөлс шанаан дээгүүр нь зам татан урсаж угаагаагүй цамцных нь захыг норгосоор нэгэн хар хүрээ татсан мэт болгожээ.
     Тоос боссон гудамны үзүүрт хөлсөө арчин суух зуур тамхи асаан сорох түүний уруул үл мэдэгдэх татвагнах нь инээх мэт. Мэт ч гэж тэр үнэхээр инээжээ. Хоолойд нь юм торж, гараа зүхэх мэт зангидаад гашуун инээжээ. Түүний сэтгэл зүрхэнд боссон хүсэл мөрөөдөл-амьдралын хот ганцхан удаагийн газар хөдлөлтөөр нуран балгас боллоо. Түүний хүүхэд болон залуу насны найз нөхөд огт танихгүй хүмүүс шиг тэдний гал цоггүй нүд, ганцхан оч л шар металл шиг гялалзах нүд үзтэл амьдралыг юугаар үнлдэг нь мэдрэгдэх тул тэд түүний хувьд талиигаач нар, өөрөө ч тэдэнд үчсэн хүн, амьд үхдэл. Залуу насны найз нөхөд гэнээ. Аргагүй тэдний нас 24-25. Эцэг өөрөө ч энэ өдөр яг 24 нас хүрч буйч бодол, үзэл санаа, санаа нь өтөлж, бээж, хөгширч, үхжирч орхиж.
     Эцэг эргэн тойрноо харснаа хотын төвийг чиглэн гэлдэрлээ. DOWNTOWN.
                                        
                                        
                                                                           *  *  *


     -Батаа, хэд хоног үлдэж вэ? Тоолооч.
     -45 хоног байна.
     -Яамайдаа. Ард болоход 45 хоног үлдлээ.
     -За тэрч яахав. Ганц нохой барьж ирье.
     -Тэгье.
     Уурын зууханд жижүүрт гардаг гурван цэрэг хоорондоо ийн ярилцана. Дорж өөр ангиас эдний ангид шилжиж ирээд удаагүй, энэ гуравтай анх удаа жижүүрт гарч буй нь энэ. Дорж тэдний араас гарахдаа:
     -Хөөе, Батаа нохойгоор яах нь вэ?
     -Нэг шөнийг даадаг юм аа.
     -Юу гэнээ?
     -За за яахыг нь хараад байж л байхгүй юу хэмээн Батаа гэж дуудуулагч уцаарлав.
     Уурын зуух цэргийн казарм, канцлер, офицер, ахлагч нарын орон сууц гэсэн тоотой хэдэн байшинг под хийтэл нь халаадаг, слесарь, галч, машинист байсан цэргүүд авч ажиллуулна.
     Төмөр утасны гогцооноос хэрчигнэн захдах нохой нь гал тогоо хавьд эргэлдэж байдаг золбин саарал байв.
     -Хөөрхий саарлын ээлж иржээ.
     -Одоо хийчэх үү?
     -Арай болоогүй. 20 цагийн үед л._
     -Одоо хийе. Орой казармагт шинэ цэргүүд ирнэ. Хэдэн төгрөг сэтгэе. Тэгэхгүй бол манайхан хоослоод хаячихна. Зундуйн саналыг Дорж дотроо зөвшөөрөвч нохойг яах гээд байгааг нь ойлгохгүй байлаа.


*   *   *
-Хүүхдүүдээ юу хийчих гээд байгаа юм бэ?
     -Үүнийг л байхгүй юу гээд Бат нохойг заав.
     -Хааш нь?
     -Юу хааш нь гэж. Зуух руу мангараа!
     -Аан?! Дорж мэл гайхав.
     Нохой зуухны том ширмэн ам тагийг онгойлгоход халуунаас буруулан гасалж хойш зүтгэв.
     -Яасан гүргэн амьтан бэ гэсээр Зундуй, Бат, Доржийн нэрийг нь үл мэдэх цэрэг гурав хөөрхий үйлт амьтны хөлийг нь төмөр утсаар боож зуухны ам руу шургуулаад түүний орилж гаслах, хачин аймаар дуу гарган ульж бахирахыг нь үл тоон араас нь хүрзээр түлхэж орхив. Доржийн хүйтэн хөлс дааварлан, дотор нь муухай оргиж, чихээ гараараа таглахсан гэж хүсэвч гар нь ч хөдлөсөнгүй. Тэр энэ гэхийн тэмдэггүй гаслах, орилох, хуцах дуу зуухан дотроос, тамын гал дотроос сонсогдсоор чимээ тасрав.
     Батаа гарынхаа алгаар хөлсөө шудраад:
     -Зиак. Өглөө болтол галлалтгүй боллоо. Хөөе Зөнгөрөө, муур яадаг гэлээ хэмээн хашигчив.
     -Юу гэнээ далчакаа? Үзэх үү?
     -Тэгье л дээ.
     Удсан ч үгүй Зөнгөр гаднаас хараал тависаар нэг муур чарлуулан хүзүүн дээрээс нь базан орж ирээд:
     -Муу хог чинь гар ураад хаячихлаа, чамайг одоохон там руу чинь илгээнээ гээд яах ийхийн зуургүй улаан дөл өрвөлзөх зуух руу чулуудаад тагийг нь хаалаа. Бас энэ үйлт амьтан нохойноос яалгаатай нь үл дуугаран, эсвэл сосогдохгүй байсан ч байж магадгүй гал цог дээр гишгэлгүй зуухны хананаас хана руу үчинэ. Гэвч хэдий удах вэ дээ. Галын халуун дөл түүнийг залгин авлаа. Доржоос бусад нь зуухны амаар шагай, галын халуунаас тас хар болж урагдаж сэмэрсэн хөвөнтэй бээлийтэй гараараа халхлан байж хөхрөлдөнө.
     -Хөөе Доржоо. Энийг хараач. За юундаа гайхаад байгаа юм бэ? Эцэг минь гэхэд Зундуй , Зөнгөр хоёр тачигнатал хөхрөлдөв.
     -Эцэг гэнэ шүү.
     Зуухны амыг таглаад дөрвүүл тамхи асаан нөгөө гурав "Хал цэргийн вальс" дуулан тэднийгээ харж суусан Дорж гурван мануухай хоёр амьтан амьдаар нь шатаачихаад тоох ч үгүй байх шив дээ. Аргагүй тэнэг пацаанууд юм даа хэмээн бодож суулаа.


                                                                                          *    *    *


     Эцэг нүдээ нээв. Орчин тойрноо нэлээд ажаад босч автобусны буудал руу алав.


                                                                                          *    *    *


     Харъя, болъё, усанд оръё, хувцасаа ч солъё. солиорч дууслаа, гутарч ханалаа. ТҮЙ!
     -Хөөш болиоч чи!
     Эцэг сая л сүүлчийнхээ үгийг шүлстэйгээ үсэргэснээ ойлгож:
     -Уучлаарай. Өөдөөс нь хоёр том алаг нүд сонжингуй маягтай ширтэвч маш зөв хэлбэртэй хөөрхөн нүүр нь ууртай харагдахыг оролджээ гэж хэлж болохоор байлаа. Гэвч Дорж хяламхийгээд хайхрамжгүйгээр цонх руу харахад бүсгүй гомдсон мэт ам нь муруйв.
     Автобусны цонхоор Дорж гудамж талбайг ширтэж явна. Гэвч ямар нэг зөнгөөрөө кондуктор ирснийг мэдэрч эргэж харалгүй 30 төгрөг сарвайв. Тэгээд цонхоор "Улаанбаатарын аж амьдрал" хэмээх баримтат киног шимтэн ширтлээ.

Би юундаа гансардаг юм бол. Амьдрал гэдэг чинь энэ шүү дээ. Би дуртай үедээ л түүнийг цонхоор, эсвэл автобусны цонхоор хараад, дургүй үедээ унтаад, зүүдлээд л...
     Жолооч хөгжим тавьж, хүмүүс тэр дууг хайхрамжгүй, унтан, буух гэж түлхэлцэн, орох гэж чаргууцалдан, зарим нь пар хийтэл инээд алдан, шивнэн, алмайран, гуниглан, дагаж аялан сонсоно.
     Words don't come easy to me. Харин тиймээ. Үг орж ирэхгүй, хэлэх үг ч үгүй. Дэвид чи үнэн юм дуулж байна. Үг ч юм уу, бодол ч юм уу нэг зүйл толгойд тэнүүчилэвч ам руу ер ойртохгүй.
     Би хүүхнүүдэд ямар харагддаг бол. Сайхан уу? Үгүй байхаа. Гэхдээ л муухай биш гэж горьдсон сэтгэлээ тайтгаруулаад нөгөө алаг нүдтийг харвал ёстой урдаас хялам хийгээд хажуугаар минь урагш ширтэх нь би гэдэг хүн харагдахгүй ердөө л хоосон зай байгаа юм шиг царай гаргав. Энэ муусайн хүүхнүүд үү? Дандаа ингэж байдаг юм. Харц минь өөрийн эрхгүй задгай энгэртэй даашинз руу нь шилжиж түхийсэн хоёр аятайхан хөхийг нь ширтэж эхлэхэд тэрээр илт уурсаж буруу харан зогсов. Гайгүй хөхтэй нь ганц чи биш дээ гэж инээд хүрэн бодоод цонх руу хартал ард хоёр жижигхэн юм миний тухай бурж байхыг  зүүн чих минь мэдрээд дэлдийж ирэв.
     -Хараач энэ ахыг..
     -Хи хи цамцных нь зах тас хар...
     Би ууртай гээч эргэж харвал хоёр сээтийсэн юм хоёр тийш харан бодвол хэлээ хазан жуумалзаж, миний хэл ч гэсэн аман дотроо тэсэж чадалгүй хөдөлж байсан ч гэсэн зүгээр л "Хм" гэж хоолой зассан дүр үзүүлэв.
     Одоо миний уур хүрч Рембогийн хүнд том калибрийн автомат буугаар автобусаар зорчигчдыг галлаж явлаа. Бараг бүх хуруундаа алт, монетон бөгжтэй бүдүүн авгай, үсээ гялайтал самнаж үнэтэй даавуугаар хийсэн сайн оёдолтой хослол, танан шигтгээтэй зангианы хавчууртай бүдүүн хар хүн хоёрын гэдэс рүү, саяны хоёр сээтгэр юмыг хүүхэд гэж өрөвдөхгүй сум шигтгэж гэх мэт... Энэ хоёр бүдүүн бясаа тэр Ланд мандандаа ядаж тэр Пажеродоо суухгүй юугаа хийж автобусанд суусан юм болоо. /Зохиогчоос: 1994 оны гар бичмэлдээ (энэ хоёр бясаа Эксель, Бенцэндээ ядаж Ладандаа суухгүй ... ) гэж байлаа. Гэвч өнөө үед энэ нь инээдтэй сонсогдох буй заа/
За за Рембогийн буугаар ч яахав. Миний ОВ7059 байхад л болно. Цэрэгт би ийм дугаартай АКМ буутай байсан юм. За цагдаад баригдаагүй дээрээ гэртээ харъя. Цамцаа угаая. Бас миний Мадонна хүлээж байгаа.


                                                                                                 *     *     *


     Мадонна эрхэмсэг, нимгэн, торгомсог, ягаан, сүрчиг бас бус юм үнэртсэн дотоожоо тайлсаар байгаа том зураг намайг орондоо ороход яг миний өмнө нүцэглэнэ. Тэгэхэд миний тачаал мөрөөдлөөс илүү галзуу, хурдан эрчимтэй юм миний гар 32 кг-ын туухайгаар тоглодог юм шиг болж би тэгээд хараал тавьсаар нүүр гарын алчуур авлаа. Би яг одоо Мадоннаг үзэн ядна. Хоёр ертөнцийн үед Оросууд түүнийг ажилчин гаралтай, хар арьстныг өмгөөлдөг гэж магтаад л...
     Одоо надад Мадонна юундаа негрүүдийг өмөөрөөд байдаг нь ойлгомжтой. ТҮЙ.
     Энэ аялга үгийг би ямагт шүлстэйгээ үсэргэж орхих юмаа.
     ...Автобус гэнэт тоормос гишгиж, хүмүүс урагш нэг түрэн ганхаж, хойшоо бас гэдэсхийн, хараал зүхэл, юу болов гэх сониуч дуун гарахад тэр бүхнийг жолоочийн сөөнгө дуу даран:
     -Муу нусгай минь ална шүү хэмээн нэг пацан руу орилох нь дайрч чадаагүйдээ харамсаад байна уу гэмээр...


                                                                                                    *    *     *


     Баарны булангийн ширээ миний ширээ. Орлого үл оруулагч би Баармэнтэй буюу Батаатай мэндэлсэн болоод тэнд сууна. Лаазтай пиво ёслолын буудлага шиг тас хийж, дур тавих мэт хөөсөн нь саган урсах бяцхан бааранд эр хүн ертөнцийг мартдаг гэж Жэймс Хэйдли Чэйзийн үгийг давтан гудамжны шагчнаас авсан найруулсан спиртээ гаргаж Батаагаас шилэн сав, хундага эсвэл стакан, ширхэг тамхи, шүдэнзтэй гуйв.
     Өөрийнхөө муу цайны костюмыг үжиртэл угааж, тасартал нь индүүдээд айлын авгайгаас гуйж нөхрийнх нь сахлын уснаас түрхсэн би шагийн архиа болор шилэнд хийж, баян залуу виски (жинхэнэ шотланд) задлаад болор жүнзнээс шимэн "Чистэрфильд" сорон налайж бүжигчин гоо бүсгүй харах мэт ганц ширхэг "Стюардэсс"-ээ асааж шилэн стаканд найруулсан спиртээ дүүргээд хэрээс хэтэртэл будаж, хэмээс хэтрэн аяглах янхан хүүхнийг өрөөсөн нүдээрээ харан огидос хүрч суулаа. Баар хаахаар гэртээ харина. Ганцаардсан зүрхээ спиртээр аргадан, өнгөрсөн, ирээдүйг гэртээ орхиод бааранд би гиеүрэн сууна. Миний Мадонна чийгтэй умгар өрөөнд намайг хүлээж байгаа.

*   *   *
-Хөөш чи дүлий, сохор юм уу? Настай хүнд суудал тавиач! Би кондукторт чамтай чамгүй мэдэж л байна гэж нүдээрээ хэлээд албатай юм шиг намайг ихэмсгээр ширтэн хүлээх өвгөнийг хараад -Чи миний үзэж өнгөрүүлснийг үзэж өнгөрүүлсэн үү? гэж асуумаар санагдсан ч -Та суу суу гэж аминдаа л ёжтой өнгөрөөр хэлээд автобусныхаа цонхоор харан зогслоо.
     Тэгэхдээ миний араас төөнөх эх хүний өрөвч, хайрласан, зэмлэсэн харцыг мэдэрч яс хавталзан явлаа.
     Хүү минь чи ямар арчаагүй харагдана вэ? Чи эхнэр аваач гэх, цамцаа угаалгах хүнгүй юу гэх. Миний ганцаардмал утгагүй амьдралыг мэдрэх тэр харцыг тэсвэрлэхгүй нээ.
     Яагаад би ээжээ баярлуулж чаддаггүй юм бэ? Ээж минь намайг юу хийж бүтээнэ гэж хорвоод төрүүлсэн юм бол доо. Би сургуульд явахдаа сурах, цэрэгт бас л тодорхой хэмжээгээр юм сурах, хатуужих гэх мэт зорилготой байсансан. Одоо, одоо... Болъё, энэ тухай бодож шаналж ханалаа. Одоо болно.
     Ашгүй өнөө ЭХ хүн буулаа. Өө энэ чинь Таван шарын буудал уу? Буцахгүй бол болохгүй нь. Хотоос гарах нь. Миний аж төрдөг ертөнцийн хязгаарт ирчихэж. Үүнээс цааш газаргүй, тэнгэргүй, хүнгүй, хотгүй, ертөнцийн минь нөгөө мухар Таван шарын буудал.
     "Алив бүсгүй минь намайг хайрлаач гэхдээ өрөвдөөч биш юм дурлаач гэсэн шиг утгатай миний нэгэн "гайхамшигт" шүлгийн санаа"
     Эцэг автобуснаас буугаад замын эсрэг талын буудал зүглэв. Буцах унаагаа хүлээнэ.
     Тэрээр ТҮЦ рүү очвол гадаад дотоодын гялгар ууттай идэх уух юм зарсан аятайхан бүсгүй сууж байлаа.
     -Ширхэгийн тамхи байна уу?
     -Байхгүй. Түүний дууны эгдүүцсэн өнгөнд, зэвүүцэн харах бүхий л төрхөнд тамхи ширхэглэдэг жижиг гар биш гэсэн санаа ил. Муу ямбий ТҮЦ-энд сууж байж мөн онгирвоо. Гэхдээ би түүнийг гутаан доромжилсон аж. Түүнд 5 доллар сарвайн цагаан боро нэгийг өгчих гэвэл бүсгүйн харц зөөлөрч хариултаа их л эелдэг атгууллаа.
     Ард минь автобусны хаалга хаагдав. Би кино үзэхээр автобусанд орлоо. Үнэ 30 төгрөг.
     Миний сэтгэл Дэмбээ гуайд өшиглүүлж, шидүүлж эсвэл түүний түрийгээ тас татуулс ан шинэхэн гутал шиг болжээ.
     Би тэр үед жаахан хүүхэд, гурав дугаар ангийн онц сурлагатан сурагч байлаа.
     -Дэмбээ гуай та яагаад заавал өөр болгосон хос гутал өмсч, эсвэл нэг хөлдөө бажиинк, нөгөө хөлдөө түрийгүй хороомон гутал, эсгий гутал өмсөөд чулуу ийш тийш нь шидэж, өшиглөж байрнаас нь хөдөлгөж явдаг юм бэ? /Миний хүнд тавьж үзсэн хамгийн урт бас хурдан хэлсэн асуулт/
     -Хүү минь дээ. Бүх хүмүүс  адилхан хос гутал өмсдөг. Харин би л хоёр өөр гутал өмсөнө. Бусад хүн тэгэж чадахгүй. Би чадна. Би тэднээс өөр. Чулуу нэг байрандаа сар, жил, зуун мянга бүр сая жилээр ч гундаж хэвтсээр уйдна, шанална, ганцаардана. Тэгвэл би түүнийг өөр газар нүүлгэнэ. Өөрөөр хэлбэл тэднийг өөр газар шидэн аваачиж өөр газар нутаг, өөр чулуу, өөр өвстэй танилцуулж байгаа юм. Тэд уйтгарлахгүй. Тэгээд л тэр дээ хонгор гэнэн үр минь.
     -Дэмбээ гуай сая жил гэж их удаан уу?
     -Удаан биш ээ, хүү минь. Чиний бодлоос ч хурдан. /Миний амьдралдаа сонссон хамгийн ойлгомжтой, тодорхой хариулт байлаа/
     -Ээжээ Дэмбээ гуай яагаад иймийг, ийм болсныг мэдэх үү?
     -Мэднээ хүү минь. Бага залуудаа номтой лам байгаад номоо тонгоргож уншаад ийм болчихсон гэнэлээ.
     -Тэгэлгүй яахав ээжээ. Бүх хүн номыг эхнээс нь уншдаг. Дэмбээ гуай л ганцхан хойноос нь уншсан.
     -Ээжээ би том болоод Дэмбээ гуай шиг хүмүүсээс өөр хүн болноо. Тэгэх үү ээжээ?
     -Нүгэл гэм. Хүү минь тэгэж болдоггүй юм.

*   *   *

     I'll never fall in love again. Яагаад тэр билээ. Love is a pain, a sorrow and a lie but the nothing. Магадгүй чи бүхнийг үзсэн болоод ингэж дуулна? Дурлал гэдэг худал хуурмаг, гуниг зовлон, эмгэнэлээс өөр юу ч биш. Би магнитфон доторх дуучинтай ийн ярина.
     I'm so young. I'm twenty years old. But my love's hundred years old over...
     Автобусны цонхоор биш ээ цонхнгы шилэн дээрээс чи намайг хараад л, би чамайг ширтээд л.
     Хилэнт хорвоогийн заяасан тавилангаар Ертөнцийн Эзний өчүүхэн хурга би үүлэн зардсаар чамдаа үг тээнэм. Би яагаад энд, чи юунд тэртээ алсад сууна вэ?
     -Доржоо, авгайнхаа захидлыг уншаач дээ. Тэгэх үү?
     Зөнгөр, Далчак, Зундуй нар ийн гуйна. Би уншиж эхэллээ.
     "Хайрт минь, эр цэргийн албаа эндэлгүй сайн хаагаарай." гэж эхлэнэ. Үлгэр ингэж төгсдөг.
     ... "...чамайгаа би яасан их санана вэ. Чи өдрийн минь бодол, шөнийн минь зүүд юмдаа. Чамдаа хайртай шүү. Мянгантаа үнсье. Үүрд хүлээгч А" Ингэж төгсжээ. Харин үлгэр бол ингэж эхэлдэг.
     Зөнгөрийн мулгуу харцанд тийм гэхийн тэмдэггүй зөөлөн совин илэрч:
     -Авгайтай болохсон. Яаж болох вэ Эцэгээ? Үлгэрт бас ингэж асуудаг.
     -Зөнгөр минь авгай болох бүсгүй өөрөө л чамайг олоод ирнэ. Эрсний хэрэггүй. Хэрэггүй. Харин үлгэрт ингэж хариулдаг бил үү?


                                                                                                    *          *          *

     -Буух уу?
     -Үгүй.
     -Тэгвэл хойшоо зогсооч.
     Би автобусны хаалганаас холдож сул суудал олж суулаа. Мэдээж цонхны хажууд. Аяа байшин болоод автобусанд цонх байхгүй бол ертөнцийг би хаагуур харахсан бил ээ? Миний өмнөөс харсан суудал дээр нэгэн эрхэмсэг хатагтай жижигхэн хөөрхөн бээжин хаванд үнэтэй шоколад идүүлнэ. Долоолгоно.
     Миний хажууд суудлаас барин зогсох тэнэмэл жаал халтар нүүрэндээ атаархал тодоруулан хар гартаа барьсан гялгар уутандаа гудамжны мухлаг, цайны газраас түүж олж авсан хуушуурын гурил, талх, сандвич, хамбургэр, наплеон тортны үлдэгдэл хийгээд тас атган зогсоно. Би тэр жаалд халааснаасаа "Сникэрс" гарган өгвөл гайхаж, эмээсэн харцаар намайг ширтсэн хэр нь ухасхийн авч арын суудал руу очин цаасыг нь ураад үмхэлж эхлэв. Яг л хэн нэгэн булаах вий гэсэн мэт.
     Хатагтайн нүүр улайж надад хандан:
     -Би ч гэсэн түүнд шоколад өгье гэж бодсон юмсан хэмээн бувтанахад би дэмий л мөрөө хавчив.


*   *   *

    ...Баарнаас гарлаа. Одод анивчих тэнгэр. Харих хэрэгтэй, унаа, такси.
     -Хороолол орох уу?
     -Орно. Суу, суу.
     -За. Миний өмнө хоёр залуу сууна. Нэг нь жолоо барьж, нөгөө урт үст нь бохь зажилж, тамхи баагиулна.
     -За ирлээ. 500-г өгчих.
     -Мм. Мөнгө байдаггүй.
     -Юу? Тоглоод байна уу новш чинь.
     -Үгүй ээ. Үнэн.
     Урт үст үсрэн гарч ирээд намайг машинаас гулд татан чирч гаргав. Түүний урт хөл яах ийхийн зуургүй элгэнд бууж би гэдэг хүн атиралдан унахад, харин аз болоход зөөлөн биеийн тамирийн шаахайтай хөл нь дахиад л нүүрэн дээр оч манартал дэвслээ.
     -Хөөе босоорой залуу. Би нүдээ нээлээ. Одод анивчсан хэвээрээ.  ӨӨ цагдаа нар...
     -Яасан согтуу явна уу та?
     -Үгүй зодуулаад... гэж арай чүү хэллээ. Хэл аманд минь багтахаа байчихаж..
     -Пөөх нүүр амыг нь нэл цус. Одоо харьж чадах уу?
     -Чаднаа. Баярлалаа.


                                                            *     *     *


     -Уучлаарай наад сандал дээр чинь хүүхдээ суулгачих уу гэх эмэгтэй хүний ялдам дуу намайг бодлоос минь ангижрууллаа.
     -Өө, тэгэлгүй яахав.


                                                           *     *     *

     Би орон дээрээ өндийж толгойгоо бариад хэсэг суув. Дотор муухайрч, огидос хүрэн, толгой заадлаараа салах нуу гэмээр анггалзахад гараараа салсан толгойгоо бөөгнүүлэн атгалаа.
     -Түй, ийм амьдрал байдаг юм уу? Өглөө, өдөр, орой гэж гурван цаг надад байдаг. Өдөр бүр адилхан. Өнөөдөр, маргааш ч бас тэр.  Автобус, баар, өглөө нь ингээд суух.
     Үгүй би архиний тухай бодохгүйг хичээнэ. Миний дотно бүхэн холдож хөндийрч. Ээжийнхээ дулаахан зөөлөн гараар толгойгоо нэг илүүлэхсэн тэгвэл зүгээр болон доо.
     Би юу хүлээж, юунд итгэж хорвоогийн бор хоногийг өнгөрүүлнэ вэ?
     -Юу ч хүлээгээгүй, юунд ч итгээгүй. Хүүхнүүд мөнгөтэй Доржид нялуурч, мөнгөгүй Доржийг хялам ч хийхгүй.


                                                            *     *     *


     -Дахиад чи хүүхэд зодоод үзээрэй, мэдэв үү чи!
     -Аааанн хэмээн орилох бяцхан охин, уурлаж хилэгнэсэн хажуу айлын эхнэр, дагавар охиноо хүүхдийг нь чимхсэн, эсвэл чихэр булаасан хэргээр шийтгэж буй нь энэ. Энэ охин бид хоёр таарч дээ.


                                                            *    *     *


     -Буух уу?
     -Буулаа, буулаа. Би урдаас зүтгэх олны дундуур арай чүү зүтгэсээр цардмал зам дээ хөл тавив. ОДОО ХААЧИХ ВЭ?!

ТӨГСӨВ.

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 381 удаа

Сэтгэгдлүүд

2011-05-24 -

Бичсэн: Зочин
алга ташилт
. Шууд холбоос

2010-12-17 -

Бичсэн: Зочин
MAR2 bna u?
. Шууд холбоос

2010-11-08 -

Бичсэн: LetMaidar
tegeed ustgaach, MAR2-oo
. Шууд холбоос

2010-11-08 -

Бичсэн: MAR2
neeree ter n deer baih ирмэх
. Шууд холбоос

2010-11-08 -

Бичсэн: LetMaidar
2-уулаа сайхан маазрав аа. Хүүхнүүдийг үзэхээс өмнө сэтгэгдлүүдийг устгаяаа.
. Шууд холбоос

2010-11-08 -

Бичсэн: MAR2
unendee unseltseel ongorson, yahav jaahan yum bolsoon bolson kkk ирмэх
. Шууд холбоос

2010-11-08 -

Бичсэн: MAR2
huuhentei baarand navs uuh bolomjgui
ирмэх
. Шууд холбоос

2010-11-08 -

Бичсэн: LetMaidar
2 man down ингэж уухаар аргагүй шдэ
. Шууд холбоос

2010-11-08 -

Бичсэн: LetMaidar
smilie201
. Шууд холбоос

2010-11-08 -

Бичсэн: MAR2
kkk bi medkuimaa tom busiig баярлах
. Шууд холбоос

2010-11-08 -

Бичсэн: LetMaidar
Odoo micro demii. tom busand miss shalgaruulj yavsan deer ярзайтал инээх
. Шууд холбоос

2010-11-08 -

Бичсэн: MAR2
mikro goyoshd. shar had geed bnuu shut up geed bna uu orilool saak ярзайтал инээх
. Шууд холбоос

2010-11-08 -

Бичсэн: LetMaidar
Автобусандаа суумаар бна у ирмэх
. Шууд холбоос

2010-11-08 -

Бичсэн: MAR2
mongol sanagdchlaa...
. Шууд холбоос

2010-11-08 -

Бичсэн: LetMaidar
tiim bgaz тормолзох
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Би 1994 оноос эхлэн үгүүллэг бичихээр зориглон оролдож өдийг хүрсэн ч хэвлүүлж нийтлүүлэх, ном болгох талаар өчүүхэн ч анхаарсангүй, залхуурч явсаар өнөөг хүрчээ. Энэ нь нэг талаас санхүүгийн бэрхшээл элдэв таних ивээн тэтгэгч байхгүй байснаас болсон гэж өөрийгөө цагаатгаж болох ч зөвхөн өөрийн арчаагүйгээс болсон гэвэл бараг үнэн болох биз ээ. Харин энэ удаа өөрийн бичвэрүүдийг уншигч тантай хуваалцахаар шийдлээ. Та бүхэн өөрийн зөвлөгөө, шүүмжийг харамгүй өгөх байх хэмээн найдаж байна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Зоригт ван
. Н.Дэмбэрэл
. Ууганаа
. MAR2
. Чойрын Хүү
. bon_bon
. StarLight
. eternalzul22
. Turbold
. Gishuut
. Бахархал
. Обдоо
. Манхүү
. Garin
. Цагаан хараацай
. legion
. Orgil

Тоолуур

Миний блогийн 74430 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 16 » Нийт: 39
Өмнөх | Дараагийн